Skip links

Зээлийн талаарх эрх зүйн ойлголтууд – Зээл гэж юу вэ?

Зээл гэж юу вэ? 

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ирээдүйн орлогоосоо эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн зохицуулалтын хүрээнд гэрээ байгуулан олгох санхүүжилтийг зээл гэнэ. 

  • Зээлийн гэрээ гэж юу вэ?  

/Иргэний хуулийн 281 дүгээр зүйл/ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

  • Зээлийн хүү гэж юу вэ? 

/Иргэний хуулийн 282 дүгээр зүйл/ Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. 

  • Зээл гэрээний хугацаа гэж юу вэ? 

/Иргэний хуулийн 283 дүгээр зүйл/ Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. Зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч хугацаанаас нь өмнө зээлийг буцаан өгч болно.Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно.

  • Зээлийн зориулалт, ашиглалт гэж юу вэ? 

Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана.  Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй. /эх сурвалж www.legalinfo.mn/

Leave a comment